Хий өртөг
Энэ амьдрахуйд бидний хийж буй ажил үйл, хөдөлмөр бүтээлийн үр шимээр тэтгэгдэн нэгэн үл үзэгдэх онцгой эрчим бүтээгдэж байдаг бөгөөд далд ертөнцийн сүнс оюун ухаанууд тэр сайжруулсан эрчмээр тэтгэгдэн эрчимждэг. Энэ эрчмийг хий өртөг гэнэ. Шударга хөдөлмөр, өөрийн ухаан, бүтээлч чадвараа ашиглан олж буй хөрөнгө мөнгө түүнтэй адилтгах бүхий л эд зүйлсийн өртөгийг даган бий болох хий өртгийг далд ертөнцөд цэвэр эрчимд тооцдог. Цэвэр хий өртгөөр эрчимжсэн Буурлууд эргээд өөрсдийн үрсдээ таарсан санаа, тохирсон эрчим дамжуулах замаар өртөгийн солилцоо үүсгэж байдаг ба үүнийг хий өртөгийн бүтэн эргэлт гэнэ. Эсрэгээрээ бусдын хүч хөдөлмөр, оюун санаагаар бий болсон эд мөнгө, ахуй зоосыг хэрэглэн амьдардаг хүмүүс хий өртөг бүтээж чаддаггүй. Эргэн тэтгэгдэх эрчмийн солилцоогүй болсон тэдний тархид бүтээлч санаа, ухаалаг сэдлүүд ирэх боломжгүй болсноор эрчмийн эргэлт бүрэн зогсдог бөгөөд үүнийг хий өртөгийн хагас эргэлт гэнэ. Буурлуудаа хий өртөгөөр тэтгэх чадамжгүй болсон учраас буурлууд нь өөр эх үүсвэрээс эрчим хайх шаардлагатай болдог гэсэн үг. Мөн ямар ч аргаар хамаагүй мөнгө олохыг санаархах, хуурч мэхлэх, хулгай хийх үйлдэл хүртэл цаагуураа хий өртөг бүтээж байдаг. Гэхдээ ийм хий өртөгийн эрчмийг хүртэгч нь удмын Буурлууд бус Шунал эрхэм байна. Учир нь тэр л шударга бусаар мөнгө олох аргыг заль мэхтэй нь хамт зааж өгсөн тул энэ бохир эрчмийг хүртэх эрхтэй байдаг гэсэн үг. Хариуд нь худал хулгайг хөгжүүлэх, муу сэдлүүдийг нь тэтгэх хар бараан бодлуудаар тухайн хүний тархи оюуныг бүрэн эзэлдэг.